МУИС, ШУТИС UniLabo cудалгааны лабораторитой болжээ

2014-12-26

Япон улсын “Unimedia” хувьцаат компанийн нэрэмжит UniLabo судалгааны лаборатори ШУТИС -ийн МХТС болон МУИС-ийн сургуулиудад шинээр байгуулагджээ.

Тус лаборатори нь Google glass, GEAR2, iPhone 6, Galaxy S3 гэх мэт сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байна.

Дэлхийн технологийн хөгжилд хүний зүүж хэрэглэдэг, өмсдөг зүйлсийг төхөөрөмжилж, үүгээр дамжуулан мэдээлэл хүргэх технологи газар авч байгаа билээ.

Багш, оюутнууд гар утасны апликэшн хөгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээн авснаар хичээлээр олж авсан мэдлэгээ баталгаажуулах, туршилт хийх, цаашлаад апликэшн хөгжүүлэх боломжууд нээгдэж буй юм.

МУИС, ШУТИС-ийн сургуульд нээгдэж буй энэхүү лабораториудын нээлтийн арга хэмжээнд UNIMEDIA компанийн ерөнхий захирал ноён Сүэда Макодо уригдан ирж оролцсон байна.

Сүэда Макодо

“Манай компани байгуулагдаад 14 жилтэйгээ золгож байна. Монгол дахь төлөөлөгчийн газраа 2013 оны зургаадугаар сард байгуулж өнөөдрийн байдлаар 45 ажилтантай апликэшн хөгжүүлэгчийн зах зээлд томоохон байр суурийг эзэлсэн хамт олон болжээ.

Монголын их сургуульд өөрийн нэрэмжит лабораторио нээсэн нь дэлхийд өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг бий болгож, Монголын брэндийг гаргаасай гэсэн зорилгоор хэрэгжиж буй ажил юм. Та бүхэн сайн сурч, сайн мэргэжилтэн болбол манай компанийн үүд хаалга нээлттэй”

гэжээ.

ХШУИС-ийн багш Б.Батням

“Их сургуулийн сургалтын хөтөлбөрт энэ чиглэлийн хичээл 3-аас 4 жилийн өмнө орж эхэлсэн ч туршилт хийх төхөөрөмжгүй байлаа. Өнөөдөр хөрөнгө оруулагч компаниас электрон төхөөрөмж болох моделиуд, цусны даралт хэмжигч болон бусад зориулалт бүхий цаг, зураг авах, бичлэг хийх, мэдээлэл хүргэх зориулалтай Google class зэрэг төхөөрөмжүүдийг эхний ээлжинд гардан авлаа. Монгол оюутан технологийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц хэмжээний бааз нь энэ лаборатори болох юм”

гэлээ.

UNIMEDIA компани нь тус лабораторидоо апликэшн хөгжүүлэх эрхийг нь жил бүр худалдан авч өгөхөөс гадна шинээр гарсан бүтээгдэхүүнээ цаг тухайд нь илгээж, сургалтад нэвтрүүлж байх ажээ.

Оюутнууд ийнхүү туршилт судалгаа хийж, гар утасны хөгжүүлэлтийн зах зээлд ул мөрөө үлдээх бодит боломж нээгдсэн талаар МУИС, ШУТИС-ийн сайтууд мэдээлжээ.

Сэтгэгдэл

Unimedia LLC

Web development is changing very fast and getting more complex each day